Улсын онцгой комиссын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилчдын ээлж солих тухай” 41 дүгээр тушаалаар ээлж солих ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам”-ыг баталж, уурхайнууд болон тэдгээрийн туслан гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, тээвэрлэгчид, харуул хамгаалалт, катеринг үйлчилгээ, засвар үйлчилгээний гэрээт аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солилтыг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж байна. 2021 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд ажилчдаас PCR шинжилгээ авах цэгүүдийг хуваарилж, шинжилгээний төлбөрийг тогтоож, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргаж, ажилчдыг орон нутгийн иргэд болон ээлжээс бууж буй ажилчидтай хавьтал үүсгэхгүй тээвэрлэх асуудлуудыг зохицуулан цаашид тодорхой хугацааны давтамжтайгаар ээлжийг солих нөхцлийг бүрдүүллээ.

Уурхайн ажилчид, тухайн уурхайн үйл ажиллагаанд хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солих хугацаа, давтамж, нэг ээлжинд гарах ажилчдын тоо харилцан адилгүй байгаа байдал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээний цэгүүдийн ачаалал, орон нутгаас ээлжинд гарах ажилчдын нөхцөл байдал  зэргийг харгалзан цаашид цар тахлын голомтот Улаанбаатар хотоос ээлжинд гарах ажилчдын шинжилгээг авах ажиллагааг хялбар дөхөмтэй болгох зорилгоор ээлж солих аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, ээлж солих хугацаанд нь тохируулан PCR шинжилгээг тухай бүрд нь авах нөхцлийг бүрдүүлж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээний цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилахаар Нийслэлийн эрүүл мэндийн газартай тохирлоо.

Уурхайнууд цаашид ээлж солих хугацаа, давтамж, ээлжинд гарах болон ээлжээс буух ажилчдын тоо, өөрийн үйл ажиллагааны туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, харуул хамгаалалт, тээвэрлэгч, катеринг үйлчилгээ, засвар үйлчилгээний гэрээт аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хавсралт маягтын дагуу гаргаж, албан хүсэлтийн хамт 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор otgonbayar345@gmail.com хаягаар илгээнэ үү.

Ээлж солих маягтыг эндээс татаж авна уу.

Уурхайн үйл ажиллагаанд гэрээгээр хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд уурхайн удирдлагад хандаж уурхайгаас ирүүлэх жагсаалтанд хамрагдах ба тухайн уурхайн хуваарьт шинжилгээний цэгт ажилчдынхаа шинжилгээг өгснөөр уурхайтай байгуулсан гэрээг нь үндэслэн орон нутагт зорчихыг зөвшөөрөх болно.

Өөрийн хамтрагч аж ахуйн нэгжүүдийг үнэн зөв мэдээллэх үүргийг тухайн уурхайн удирдлага хариуцна.

Иймд уурхайн үйл ажиллагаанд хамтрагч аж ахуйн нэгжүүд гэрээт уурхайнуудынхаа ажилчдын ээлж солих хугацаа, давтамжтай үйл ажиллагаагаа уялдуулж, аль болох нэгдсэн зохион байгуулалтаар ээлж сольж ажиллахыг зөвлөж байна.

                    ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ