Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл (УУМХЗ)-өөс санаачлан, уул уурхайн салбарын хөгжилд онцгой амжилт гаргасан 3 хүртэл хүнийг жил бүр Уурхайчдын баяраар шалгаруулан, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн тэргүүн дээд шагнал болох “Уурхайчдын алдрын од” одонгоор шагнаж байхаар тогтсон бөгөөд одоогоор салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарыг хөгжүүлэхийг төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн 5 ахмад уурхайчныг шагнаад байгаа билээ.

Энэ удаа Уурхайчдын 97 жилийн ойн баяраар 2 хүнийг шагнахаар тогтсон бөгөөд хоёр шагналын 1-ийг залуу хүнд олгох нь зүйтэй гэсэн санал гарсаныг УУМХЗ-өөс дэмжиж байна.

Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд онцгой амжилт гаргаж шинэ бүтээл, шидэг санаа гаргасан, шинэ техник, технологи нэвтрүүлсэн,импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, үйлдвэрлэлийн өртөг зардлыг хэмнэх санал санаачилга гаргасан гэх мэт амжилт гаргасан хүнийг уул уурхайн компаниуд “Уурхайчдын алдрын од” одонгийн шагналд тодорхойлон ирүүлж болно.

Энэхүү одонг алтаар шармалдан бүрсэн ба одонгийн гол хэсгийг мөнгөөр, уурхайчдын бэлэг тэмдэг болох алхыг номингоор, одон, гинжний холбоос хэсгийг ногоон хашаар, одонгийн 6 талын хошуунд циркон шигтгэж хийсэн. Одонг дагалдан өдөр тутам энгэртээ зүүх яг адил орцтой жижиг тэмдэг байх ба одонгийн дагалдах шагнал нь 1,0 сая төгрөг байна.

Шагналын материалд тухайн хүний анкет, тодорхойлолт байх ба материалыг АМГТГ-ын 400 тоотод 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авна.