АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас газрын тос боловсруулах үйлдвэр, импортын шатахууны талаар тодрууллаа. 

-Газрын тосны салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?
-Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 77, экспортод түүхий тос гаргасны 20 жилийн ой тохиож байна. Ингээд бид салбарынхаа үйл ажиллагааг олон нийтэд таниулах арга хэмжээ зохион байгуулж байгаа. Сүүлийн жилүүдэд жилд 1 сая гаруй тонн газрын тос экспортод гаргадаг болсон. Энэ онд газрын тосноос улсын төсөвт 223 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө бий. 
-Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж буй. Энэ ажил ямар шатанд явна вэ?
-Хөгжлийн банкнаас энэ онд 250-280 орчим тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасан. Энэ мөнгөөр Дорноговь аймгийн Алтан ширээ суманд барих Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил хийнэ. Тус үйлдвэрийн ТЭЗҮ-ийг  боловсруулсан. Ирэх сарын 05-10-ны хооронд манай талд танилцуулна. Үүнийг эцэслэн баталсаны дараа барилгын ажил эхэлнэ. Ингээд 2022 оны сүүлчээр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй. Нэг ёсондоо тэр үед Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох юм. 
-Үйлдвэрийн хүчин чадалд манай улсын одоо олборлож буй газрын тос хүрэлцэх үү. Түүхий эдээр хэрхэн хангах вэ?
-Энэ үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулна. Түүхий эдээ Дорнод аймгийн нутаг дахь 19, 21-р талбайгаас хангана. Өөрөөр хэлбэл  “Петро чайна Дачин Тамсаг” компанийн олборлож буй газрын тосыг авах юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд Засгийн газар өөрийн авах хувиа газрын тос болон гадаад валютаар авахаар тусгасан. Одоогоор манай улс үүнийгээ гадаад валютаар авч байгаа. Үйлдвэр ашиглалтад ороход газрын тосоор авна. Мөн газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх, дээрх хоёр талбайн олборлолтыг нэмэгдүүлэхээр  ажиллаж байна. 
-Тэгэхээр газрын тосны хайгуулыг нэмэгдүүлэх талаар ямар, ямар ажил хийв.  Хайгуулын ажилд жилд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуул хийхээр 33 талбай ялгасан байдаг. Үүнээс одоогын байдлаар 27 талбай Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй. Эдгээрээс  гурван талбай нь ашиглалтын гэрээтэй. Тухайлбал, 19, 21, Дорнговь аймагт “Доншен” компанийн талбай юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тухайн компани 8-12 жилийн хугацаанд зардлаа бүрэн гаргаж хайгуул хийдэг. Энэ жил Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймагт “Макс ойл”, “Петро Матад” зэрэг компани хайгуул хийнэ. Мөн Дорнод аймгийн Баянтүмэн 17 талбайд өрмийн ажил хийх төлөв бий. 
 -Газарын тосны бүтээгдэхүүн тэр дундаа шатахуун чанар муутай байна гэсэн гомдол, шүүмжлэл сүүлийн үед нэлээд гарч байгаа. Бүтээгдэхүүний чанарт хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Манай улс шатахууны хэрэглээний 97 хувийг ОХУ-аас авдаг. БНХАУ-аас 2, үлдсэнийг нь Солонгос улсаас авдаг. Тэгэхээр чанар гайгүй. Тухайн үйлдвэрлэгчээс авч импортолж байгаа учраас ямар ч асуудалгүй гэж ойлгож болно. Харин баруун хилээр, Баян-Өлгий, Увс аймгийн боомтоор  хувь хүмүүс шатахуун оруулж ирдэг. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллага, тухайн орон нутгийн төрийн байгууллагтай хамтарч таслан зогсоох арга хэмжээ авч байгаа. 
-Тэгэхээр газрын тосны завсарын бүтээгдэхүүн оруулж ирж найруулах явдал байна гэдэг. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-УУХҮЯ, АМГТГ, МХЕГ-ын ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг хольсон бүтээгдэхүүний чанар, стандарт, агуулах, түгээлт зэргийг судалж байна. Энэ хүрээнд АМГТСГ-ын болон  “Амбер” зэрэг лабораторид харьцуулсан шинжилгээ хийж байгаа юм. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй. Дүгнэлт нь сар орчмын дараа гарах байх. Тухайн үед олон нийтэд танилцуулна.