Монгол Улс БНСУ-ын шатдаг хийн салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар болон БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бол өнөөдөр бодитоор ажил хэрэг болох эхлэл тавигдлаа.

Өнөөдөр тус корпоацийн  Ерөнхийлөгч Пак Кён Гүк тэргүүтэй төлөөлөгчдийг Ашигт малтмал газрын тосны газрын дарга П.Баянбаатар хүлээн авч уулзав. Энэ үеэр талууд хийн түлшний аюулгүй байдлыг сайжруулах, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, мэргэжлийн боловсон хүчний бэлтгэх, туршлага солилцох чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахаар санал солилцлоо.

Ашигт малтмал, газрын тосны газар БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци  (KGS)-тай хамтран "Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх" төслийг 2025-2027 онд хэрэгжүүлэхээр болсон. Тус газрын дарга П.Баянбаатар энэхүү төсөл нь Монгол Улсын түлшний салбарыг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах бодлогод чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо. 

Мөн  БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS”-ийн Ерөнхийлөгч Пак Кён Гүк өнгөрсөн дөрөвдүгээр сард хамтран ажиллах санамж бичиг үр дүнгээ өгч эхэлснийг яриандаа дурдаад “Энэхүү төсөл нь зөвхөн хамтын ажиллагаа төдийгүй Монгол Улсад шатдаг хий аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний шилжилтэд хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Цаашид Монгол Улс нь Дундад Азийн бүс нутагтаа шатдаг хийн аюулгүй байдлын тал дээр тэргүүлэгч орон болж техник технологи болон бодлого сайжруулахад нь бид хамтран ажиллах болно” гэдгийг онцлов. Мөн АМГТГ-ын дарга П.Баянбаатар хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй энэхүү төслийг хэрэгжүүлэхэд бүх талаас нь дэмжлэг үзүүлэн холбогдох  шат, шатны хүмүүс оролцсон багийг бүрдүүлж ажиллана гэдгийг тодотгосон юм.



Ашигт малтмал газрын тосны газрын зүгээс  БНСУ-ын  Хийн аюулгүй байдлын корпораци  (KGS)-тай хамтран хэрэгжүүлэх төсөлд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг газрын дарга П.Баянбаатар илэрхийллээ. 



Эх сурвалж
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан  Б.Дэлгэрцэцэг

Утас: (51)263922