Мэндчилгээ

1939 онд Монгол улсад анхны геологийн анги байгуулагдсан цагаас хойш эх орныхоо газар нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, ашигт малтмалын ордуудыг нээн илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах их үйлсэд манай геологичид үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн түүхтэй.
Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 30 орчим хувьд геологийн суурь болон нарийвчилсан судалгаа хийгдэж, ашигт малтмалын 8,000 гаруй орд, илрэл бүртгэгдсэн. Эрхэм хайгуулчид геологичид та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд Эрдэнэтийн овоо, Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга зэрэг дэлхийн жишигт хүрсэн ордууд бий болж, тэдгээр нь улс орны хөгжлийн тулгуур, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болоод байгааг дурдахад Та бүхнээрээ бахархахгүй байхын аргагүй байна.
Тиймдээ ч энэхүү салбар нь өнөөдөр Дотоодын нийт бүтээгдэхүүний 25-30 хувь, Экспортын орлогын 90 орчим хувь, Улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж байгаа нь манай салбар өөрөө стратегийн салбар болж байгааг товчоор илтгэж болно.
АМГТГ нь Монгол Улсын геологи, эрдэс баялгийн судалгааг шинжлэх ухаанч, нээлттэй, хариуцлагатай, тогтвортой байдлаар хөгжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, мэргэжлийн хүний нөөцийг бэхжүүлэх, салбарын бодлогыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн уялдуулахад онцгой анхааран ажилласаар байна.
Эрдэс баялагт түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн суурийг тавьж, ирээдүйн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж Эрдэм мэдлэгийн цараа тэлж, мэргэжлийн бахархлаа улам бататгаж, ажил үйлс нь өөдрөг, гэр бүл бүхэн нь аз жаргалтай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Геологийн салбарын хөгжил дэвшил мөнхөд урагшлан дэвжиж, Монгол Улсын ирээдүйг дэлхийн хөгжлийн тэргүүнд хүргэх болтугай.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар
2025 оны 10 дугаар сарын 17
Төрийн захиргааны удирдлагын газар
Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Б.Мөнхцэцэг
Утас: (51)- 263922
2025-10-17