Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд манай хоёр орон улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, соёл боловсрол зэрэг олон талт найрсаг хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, өргөжүүлэн хөгжүүлж ирсний нэг нь эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа юм.
Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар болон БНСУ-ын Хийн Аюулгүй Байдлын Корпораци “KGS”-тай 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр техникийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, шатдаг хийтэй холбоотой үйл ажиллагааны аюулгүй байдал, эрх зүйн орчин, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болж байгаа нь манай хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаад зогсохгүй хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм.
Энэхүү санамж бичгийг байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашид “Шатдаг хийн импорт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, ашиглалтын үеийн аюулгүй байдлын эрх зүйн орчин бүрдүүлэх, хяналтын нэгдсэн тогтолцоог чадавхжуулах” техникийн туслалцааны төслийн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэв.
Газрын тосны бүтээгдэхүүний хэлтэс
Шатдаг хийн хангамж, техник, технологи хариуцсан мэргэжилтэн Б.Тогтохмаа
Утас: (51)- 263915
2025-05-01