Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оныг эдийн засгийг өргөтгөхөд чиглэсэн эрхзүйн шинэчлэлийн жил болгон зарласан.
Ашигт малтмалын салбар нь Монгол Улсын эдийн засгийн стратегийн чухал хэсэг бөгөөд улсын нийт орлогын 28%, экспортын орлогын 94%, аж үйлдвэрийн салбарын 74%-ийг бүрдүүлдэг. Тиймээс хууль эрхзүйн орчныг шинэчлэх нь салбарыг тогтвортой хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах гол зорилготой юм.
2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, Газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтран 21 аймагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дараах гол шинэчлэлүүд хийгдэж байна.
1. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох асуудлыг тусгаж, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх;
2. Чухал ашигт малтмалын зохицуулалтыг шинээр тусгах;
3. Ашигт малтмалын баяжуулалтын үйл ажиллагааны зохицуулалтыг шинээр тусгах;
4. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, уул уурхайн салбараас орон нутагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх;
Мөн судалгаагаар, эрхзүйн орчин хэвээр байвал 2050 он гэхэд уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулалт орохгүй байх эрсдэлтэй байгаа бөгөөд татварын орчныг тодорхой хэмжээнд шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах боломжтой гэж үзэж байна.
Иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудыг хуулийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг урьж байна.
Эх сурвалж
Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газар
Орон нутаг дахь төлөөлөл хариуцсан газрын ахлах мэргэжилтэн Б.Болорцэцэг
Утас:51-263947
2026-02-11