Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо

       Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр хуулийн төслийн агуулга, эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг дэлгэрэнгүй танилцуулж, оролцогч талуудын санал, байр суурийг нээлттэй хэлэлцэв.

Арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, АҮЭБЯ, АМГТГ-ын холбогдох албан тушаалтнууд, МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Ассоциацийн гишүүн компаниуд, уул уурхайн салбарын мэргэжлийн болон төрийн бус байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 170 гаруй хүн оролцлоо.

Хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн танилцуулав. Ашигт малтмалын тухай хууль анх 1997 онд батлагдаж, 2006 онд 11 бүлэг, 66 зүйлтэйгээр шинэчлэн найруулсан бөгөөд хууль хэрэгжих хугацаанд 16 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт 300 орчим өөрчлөлт орсон байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох тогтолцоог нэвтрүүлэх, чухал ашигт малтмалын эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, ашигт малтмалын баяжуулалтын үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох, геологи, уул уурхайн салбар дахь олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг үндсэн асуудлуудыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн салбарын эрх зүйн орчин илүү ил тод, тогтвортой болж, салбарын урт хугацааны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн эрх ашигт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна гэв.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуулийн төсөлтэй холбоотой саналуудаа илэрхийлж, сонирхсон асуултуудаа асууж хариулт авлаа.


Эх сурвалж 

Төрийн захиргааны удирдлагын газар

Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан ахлах ажилтан Э.Батжаргал

Утас:51-263922

2026-02-10