Уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн шинэчилсэн заавартай холбоотой хэлэлцүүлэг боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шуурхай хуралдаанаар Уулын ажлын тайлан, төлөвлөгөө болон бусад холбогдох зөвшөөрөл өгөх үйл ажиллагааг аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй, хавар ажлаа эхлэхэд нь саадгүй байх үүднээс байгууллагуудад зөвлөн туслах байдлаар төлөвлөгөө, тайланг нь баталж өгөх арга хэмжээг зохимжтой хэлбэрээр зохион байгуулахыг тус газарт даалгасан.

Үүний дагуу АМГТГ-ын Уул уурхайн хэлтсээс “Уулын ажлын төлөвлөгөө, тайланг ирүүлэхэд анхаарах зүйлс” сэдэвт сургалт болон зааврыг шинэчлэн батлуулахтай холбоотой санал авах, хэлэлцүүлгийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн онцгой байдлын газрын хурлын зааланд  зохион байгууллаа.


Сургалтад Уул уурхайн хэлтсийн мэргэжилтнүүд холбогдох маягтуудыг ирүүлэхэд анхаарах зүйлсийн талаар болон тогтмол гардаг алдааны талаар хариуцсан чиглэл тус бүрээр сургалт хийсэн.

Сургалт, хэлэлцүүлэгт 159 аж ахуйн нэгжийн 178 мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнууд хамрагдав.

Сургалт, хэлэлцүүлэгт Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, холбогдох газар, хэлтсүүдийн дарга нар  болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар нар хүрэлцэн ирсэн бөгөөд сайд Г.Дамдинням геологи, уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлогын талаар, Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулав.

Мөн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Д.Цэнд-Аюуш Авлигаас урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг аж ахуйн нэгжийн төлөөлөгчдөд өгөв.




Эх сурвалж:
Ашигт малтмалын хайгуулын хэлтэс
Дэд бүтэц, туслан гүйцэтгэгч хариуцсан мэргэжилтэн   Б.Баярбилэг

Утас:  51-263784

2026-01-29