Улсын онцгой комиссын даргын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Ажилчдын ээлж солих тухай” 41 дүгээр тушаалаар ээлж солих ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам”-ыг батлаад байна.

Уурхайнууд болон тэдгээрийн туслан гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, тээвэрлэгчид, харуул хамгаалалтын гэрээт аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солилтыг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж, ажилчдаас PCR шинжилгээ авах цэгүүд, шинжилгээний төлбөр, шинжилгээний хариу гарах хугацаа, ажилчдыг орон нутгийн иргэд болон ээлжээс бууж буй ажилчидтай хавьтал үүсгэхгүй тээвэрлэх асуудлуудыг зохицуулан цаашид тодорхой хугацааны давтамжтайгаар ээлжийг солих нөхцлийг бүрдүүлсэн болно.

          Удаан хугацаагаар ээлжээс буугаагүй ажилчдын дархлаа, ажиллах чадвар, анхаарал суларч үйлдвэрлэлийн осол, аваарт өртөж болзошгүй байдал үүсээд байгаа тул хугацаа алдалгүй ээлжийг солих арга хэмжээг хэрэгжүүлэхээр Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас ээлжээс буух болон ээлжинд гарах ажилчдын судалгааг хийхэд, 300 гаруй аж ахуйн нэгжүүд /тэдгээрийн туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, тээвэрлэгч, харуул хамгаалалтын гэрээтүүдийг хамааруулсан болно./- ээс 12912 ажилчдыг ээлжинд гаргаж,  10697 ажилчдыг ээлжээс буулгах хүсэлтийг ирүүлсэн байна. 

Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын алба нь Эрүүл мэндийн яамтай хамтран ээлжинд гарах ажилчдыг 2021 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд PCR шинжилгээнд хамруулж байна.

   Шинжилгээ өгсөн ажилчдын шинжилгээний хариуг 1-2 өдөрт багтаан гаргах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдэгдсэн.

   Иймд шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан ажилчдыг орон нутагт саадгүй нэвтрүүлэх Улсын Онцгой Комиссын 41 дүгээр тушаал, “Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам”-ыг хавсралтаар хүргүүлж байна.

Ажилчдын ээлж солих нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээг дэмжиж, манай Шуурхай штабтай хамтран ажиллана уу.

ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН 

УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ

Харилцах утас: Шуурхай штаб/88084835, 51263010, 88076278, 88043636/